MIYEGOMBO

  • Producer
  • Director
  • Screenwriter

АМЖИЛТУУД

2011 онд Монголд анх удаа 3D форматаар бүтээгдсэн “Сайн, Муу, Хэрцгий” киноны 1-р ангийн зохиолыг бичиж, ерөнхий найруулагчаар нь ажиллав.

2013 онд түүний зохиолыг нь бичиж найруулсан “Single Ladies” киноны 1-р анги тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 5-р байранд эрэмбэлэгдэв.

2015 онд “Single Ladies” киноны 2-р анги нь тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 1-р байранд эрэмбэлэгдэв.

2017 онд “Single Ladies” киноны 3-р анги нь тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 1-р байранд эрэмбэлэгдэв.

Дээрхи гурамсан кино нь Монголын тогтмол амжилт үзүүлсэн цуврал бүтээлийн анхдагч болсон юм.

2017 онд Монгол соёлоо сурталчилах эрхэм зорилгын хүрээнд Монголын язгуур урлагийн манлай хамтлагуудын нэг Хөсөгтөн хамтлагтай хамтран Хөсөгтөн Баг Дэлхийн Тайзнаа хэмээх аялан тоглолтыг анх санаачилж, ерөнхий зохион байгуулагчаар нь ажилласан нь 2017 оны 3 сард АНУ-ын 6 хот, Канадын 4 хотоор амжилттай үргэлжилж 3000 гаруй үзэгчдийн хүртээл болжээ. Нийт 32179 километр замыг туулсан энэхүү аялан тоглолт нь монгол компани өөрсдөө зохион байгуулж, Монголын язгуур урлагаа сурталчлан аялсан анхны томоохон соёлын арга хэмжээ болсон юм.

2017 оны 10 сараас эхлэн NTV телевизээр нэвтэрсэн Канадын “Ахлах тогоочийн заавраар” (Chef in Your ear) хоолны шоу франчайзын хөтлөгчөөр сонгогдон ажилласан нь Монголын үзэгчдийн үзэх дуртай эхний 5 нэвтрүүлгийн 3-т эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оныг хүртэл буюу 3 жилийн турш үргэлжлэн цацагдахдаа энэхүү амжилтаа хадгалсан байна.

2019 онд түүний ажилласан, Английн дуучин Novo Amor-ын агаарын бохирдлын эсрэг хийсэн кино-клип Sleepless (Chapter I), Repeat Until Death (Chapter II) нь 2019 оны UK Music Video Awards-д Шилдэг Альтернатив Клип төрөлд нэр дэвшиж байлаа.

2020 оны 5 сараас эхлэн NTV телевизээр нэвтэрсэн Францын “Эхнэрийн заавраар” (My Wife Rules) хоолны шоу франчайзын хөтлөгчөөр сонгогдон ажилласан нь Монголын үзэгчдийн үзэх дуртай эхний 5 нэвтрүүлгийн 2-т эрэмбэлэгдсэн бөгөөд Facebook Live, Youtube сувгаар 1 өдрийн дотор 400,000 үзэгч тогтмол үздэг, 2020 оны 12 сарын сүүлийн статистик мэдээгээр давхардсан тоогоор 11 сая үзэлт бүхий өндөр амжилтыг үзүүлсэн байна.

2021 онд, Монгол улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран боловсролын салбарын өнгөрсөн 100 жилийн түүхийг хураангуйлж “Эрдмээр жигүүрлэсэн 100 жил” баримтат киног бүтээсэн.

2018 онд Монголын кино уран бүтээлчдийн саналаар “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн дэд ажлын хэсэгт орж, Монгол киноны хөгжилд тулгамдаж буй асуудлыг хөндөн нэр хүндтэй 8 уран бүтээлчийн хамт 3 жилийн турш уйгагүй ажилласан нь УИХ-аар дэмжигдэж 2022 оны 1 сараас уг хууль хэрэгжиж эхэлсэн байна. Үүний үр дүнд арилжааны бус Монгол киноны хөгжлийг дэмжих “Кино урлагийг дэмжих сан”, түүний үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий “Монголын Кино Урлагийн зөвлөл” байгуулагдаж олон арван Монгол кино, Монголын кино уран бүтээлчид дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад идэвхтэй оролцож байна.

2024 онд, Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанктай хамтран Монголын банкны салбарын өнгөрсөн 100 жилийн түүхийг хураангуйлж “Хамтдаа бэхэжсэн зуун: Зоосон мөнгөнөөс цахим банк хүртэл” баримтат киноны зохиолчоор ажилласан.

Боловсрол телевизээр 2023 онд 95 дахь удаагийн, 2024 онд 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулахад үндсэн хөтлөгчөөр сонгогдон ажилласан.

2025 онд Монголын металл рокийн анхдагч, алдарт “Хурд” хамтлагийн 30 жил, Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгч “Татар” хамтлагийн 20 жилийн ойд зориулсан уран сайхны кинонуудын зохиолыг бичсэн нь хөгжмийн намтарчилсан төрлийн хөгжилд бодит хувь нэмэр болжээ.

Light Dark